Монгол
Улсын Засгийн газраас Японы Засгийн газартай байгуулсан боловсролын гэрээний
дагуу хэрэгжиж буй “1000 Инженер” төсөл 4 дэхь жилдээ үргэлжилж байна. 2018 оны
04 дүгээр сарын 27-ны өдөр тус төслийн зохицуулагч Д.Намсрай болон “Ази Сийд”
ТББ-ын тэргүүн Масахиро Хамано нар Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай
уулзаж төсөл, шалгаруулалтын талаар танилцуулга хийв.
Шалгаруулалт
2 үе шаттай явагдах бөгөөд эхний шалгалтад 50 онооноос дээш үнэлгээ авбал
дараагийн шалгаруулалтад орно. Дараагийн шатанд элсэлтийн ерөнхий шалгалтад
үзүүлсэн дүнгээр эрэмбэлнэ. Математик, Физикийн хичээлийн ЭЕШ-ийн дүн нь
650-аас дээш бол Японы мэргэжлийн сургууль, 680-аас дээш бол Японы бакалаврын
зэрэг олгох сургалтад элсэн сурах боломж бүрдэх юм байна.
Уулзалтаар төсөл цаашид сунгагдвал дан ганц Улаанбаатар хот гэлтгүй,
Дархан-Уул, Орхон гэсэн их дээд сургууль төвлөрсөн томоохон хотуудад
хэрэгжүүлэх боломжтой талаар онцолж байв. Аймгийн удирдлагуудын зүгээс төслийн
хугацааг цаашид сунгаж, Дархан-Уул аймагт уг төслийг хэрэгжүүлбэл бүхий л
талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.