Нэр бүхий аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоолоо.
Энэ нь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.
Засгийн газар ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргааныг эцэслэж байна.
1990 оноос хойш газар тариалангийн бүс нутагт малтай иргэд олноор суурьших болсноор газар тариалан, мал аж ахуй хооронд зөрчилдөөн үүсч энэ хэрээр сөрөг үр дагавар гарах болсон юм. Тухайлбал малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн даац 30 хувь хэтэрч, үр тариа, хүнсний ногоо тариалах талбай сүйдсээр байна. Мөн малчид тариалангийн талбайд мал сүргээ оруулдаг гэсэн гомдол ч багагүй гардаг. Тухайлбал өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гэхэд л үүнтэй холбоотой 60 гаруй дуудлага иржээ.
Тариалангийн бүс нутаг тогтоосонтой холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх ажлыг орон нутгийн хөгжлийн бодлого, аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулахыг Засаг дарга нарт даалгаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөв.
Мөн тариалангийн бүс нутагт байгаа малчин өрх, мал бүхий иргэдийг бэлчээр, устай нутагт байршуулах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Тариалангийн бүс нутаг:
1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1,2,3 дугаар баг, Цагааннуур сумын 1,2,3 дугаар баг, Ерөө сумын 1,2,3 дугаар баг, Зүүнбүрэн сумын 1,2,3 дугаар баг, Мандал сумын 4,5,6,7,8,9 дүгээр баг, Орхон сумын 1,2 дугаар баг, Сант сумын 1, 2 дугаар баг, Баянгол сумын 1,2,3 дугаар баг, Сайхан сумын 2,3 дугаар баг, Жавхлант сумын 1,2 дугаар баг, Түшиг сумын 1,2 дугаар баг, Орхонтуул сумын 1,2,3 дугаар баг, Баруунбүрэн сумын 1,2,3 дугаар баг, Хушаат сумын 1,2 дугаар баг, Шаамар сумын 1,2,3 дугаар баг, Хүдэр сумын 1,2 дугаар баг
2. Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Баянцогт, Баянчандмань, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Архуст сум, Эрдэнэсант сумын 1,2,3,4 дүгээр баг, Заамар сумын 1 дүгээр баг
3. Дархан-Уул аймгийн Орхон сум, Хонгор сумын 1,2,3 дугаар баг
4. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1,2,5 дугаар баг
5. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5,7,8 дугаар баг, Жаргалтхаан сумын 3 дугаар баг, Мөрөн сумын 4,5 дугаар баг, Өмнөдэлгэр сумын 2,3,7 дугаар баг, Биндэр сумын 2,4 дүгээр баг, Баян-Адарга сумын 1 дүгээр баг, Дадал сумын 1,3 дугаар баг, Норовлин сумын 3 баг, Батноров сумын 4 дүгээр баг
6. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5,6,7 дугаар баг
7. Архангай аймгийн Цахир сумын Жинст баг, Хангай сумын Арбаясгалант баг, Тариат сумын Тэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт баг, Чулуут сумын Зуунмод баг, Өндөр-Улаан сумын Хануй, Тээл баг, Баянцэнгэл сумын Баян-Уул, Дэл, Хөнөг баг, Ихтамир сумын Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр баг, Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Булган сумын Баянбулаг баг, Цэнхэр сумын Буйлан, Алтан-Овоо баг, Хайрхан сумын Могой, Жарантай, Асгат баг, Цэцэрлэг сумын Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг баг, Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Жаргалант сумын Зуслан баг, Хашаат сумын Жаргалант, Номгон баг, Өлзийт сумын Байшир, Бодонт баг, Өгийнуур сумын Дойт, Орхон, Тоглох баг, Хотонт сумын Бургалтай, Улаанчулуу, Хөөвөр баг.