Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах хоёр дахь шатны хэлэлцүүлгийн хүрээнд аймгаас сонгогсдсон УИХ-ын гишүүд улс төрийн намуудын төлөөллийн байр суурь, санал шүүмжлэлийг сонслоо. Өнөөдрийн 2 дахь хэлэлцүүлэгт 6 намын 80 гаруй төлөөлөл оролцлоо.
Парламентад цөөнх Ардчилсан намын орон нутгийн төлөөллүүд үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах нь зөв гэдэг байр суурьтай байлаа.
Харин нэн яаралтай улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэв.
ХҮН намын төлөөллөөс ҮХНӨ оруулахад болохгүй зүйлгүй. Харин гишүүдийн тоог 76 хэвээр байлгах нь дээр гэдэг байр суурийг илэрхийллээ.
Иргэдийн оролцооны нэгдэл намын төлөөллийн хувьд мөн гишүүдийн тоо 76 хангалттай. Цөөхөн хүн амтай Монгол улсад мэдлэг боловсролтой хүмүүс гарч ирээд хуулиа зөв баталчихдаг байх нь чухал гэлээ. Үндсэн хуулийг заавал өөрчлөх шаардлагатай бол дараагийн шинэ парламентаар өөрчүүлж болдоггүй юм уу гэсэн саналыг ч тус намын зарим төлөөлөл хэлж байв.
МАН-ын төлөөлөл гишүүдийн тоог нэмж эрх мэдлийг саармагжуулах нь зөв. Ингэж байж наад зах нь Улсын төсвийг тойргийн системээр 76 хуваачихдаг, үүнээс болж мега төслүүд явдаггүй, улс орны хөгжил гацдаг байдлыг засах боломжтой гэж үзэж байна гэв.
Шинэ намын төлөөллөөс ҮХНӨ оруулахыг эрс эсэргүүцэж байна. Үнэхээр оруулахаар бол гишүүдийн тоог өөрчлөх шаардлагагүй гэдэг байр суурийг илэрхийллээ.
Үнэн ба зөв намын төлөөлөл ҮХНӨ-ийг дэмжинэ. Гэхдээ энэ их хурлаар хуулийг өөрчлүүлж болохгүй. Харин Улс төрийн намуудын тухай болон сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна гэв.
Гишүүд бүх саналуудыг УИХ-д уламжлах юм.