ФЛЕКС хөтөлбөрт #Дархан_Уул аймгаас #нэг_сурагч_шалгаран 2023-2024 оны хичээлийн жилд АНУ-д суралцаж байна. ФЛЕКС нь жил бүр дэлхийн олон орноос 35,000 гаруй сурагчид өрсөлддөг уралдаант сонгон шалгаруулалт бүхий АНУ-ын Засгийн газрын 100 хувь тэтгэлэгт хөтөлбөр юм.
Монгол Улс болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ФЛЕКС хөтөлбөрийг Монгол улсад 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба Монгол Улсаас жил болгон 20 сурагчийг хамруулдаг байна.
1992 оноос хэрэгжиж эхэлсэн Future Leadership Exchange (FLEX) буюу ФЛЕКС хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдыг АНУ-ын ахлах сургуульд нэг хичээлийн жил суралцах, Америк айлд амьдарч Америк соёлтой танилцах боломжоор хангадаг байна. Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Сенатч асан Билл Брэдли АНУ болон түнш орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг хангах зорилготой санаачилсан ба хөтөлбөр эхэлснээс хойш 29,000 гаруй сурагч хамрагджээ.
Амжилттайгаар сонгон шалгарсан сурагчид хөтөлбөрт хамрагдсанаар манлайлах ур чадвар эзэмшиж, Америкийн нийгэм, үнэт зүйлсийн талаар суралцахын хажуугаар америкчуудтай эх орон, соёлынхоо талаар хуваалцдаг байна. ФЛЕКС сурагчид эх орныхоо элчин төлөөлөгч болохоос гадна Америкт олон нийтийн ажилд оролцсоноор сайн дурын үйл ажиллагааг эх орондоо дэлгэрүүлж, хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг, чадвараасаа хуваалцдаг аж. ФЛЕКС сурагчид нь төрөлхийн сониуч зантай, шинийг суралцах хүсэл тэмүүлэлтэй дэлхийн иргэд байдаг байна.
Өөртөө итгэж, өөрийгөө дайчилж чадсан зөв зорилго тэмүүлэлтэй ахлах ангийн сурагчдад нээлттэй зарлагддаг хөтөлбөр учир дүү нар минь судалж үзээд амжиж бүртгүүлээрэй. Чамд ч бас боломж бий.
Хэрэгжүүлэгч байгууллага: Америкийн олон улсын боловсролын зөвлөлийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар
Фэйсбүүк: FLEXMongolia
И-мэйл: flex.mn@americancouncils.org
Утас: 9313 0647