Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 439

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 329
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ЯАМНЫ 1-Р ОРЛОГЧ САЙД, ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР АЮУШЖАВЫН БААСАНЖАВ 1944 оны бичин жилийн 4-р сарын 14-нд Завхан аймгийн Ургамал суманд төрсөн. Аюушжавын Баасанжав 1952-1956 онд Ургамал сумын бага сургууль, 1956-1959 онд Завханмандал сумын дунд сургууль, 1959-1962 онд Завхан аймгийн төвийн ЭОН нэрэмжит 10 жилийн сургууль, 1962-1967 онд МУИС-ийн байгалийн ухааны факультетын геологийн анги төгсөж ашигт малтмалын эрэл, зураглалын геологч инженер мэргэжил эзэмшсэн. Мөн 1969-1974 онд МУИС-ийн санхүү эдийн засгийн анги төгсөж санхүү эдийн засагч мэргэжил эзэмшсэн. А.Баасанжав нь 1967 оноос Хөвсгөлийн геологийн удирдах газарт барилгын материалын хайгуулын ангид дагалдан инженерээр ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Улаанбаатарын геологийн удирдах газарт Барилгын материалын хайгуулын ангийн дарга бөгөөд ахлах инженер, Баянхонгорын геологийн удирдах газарт Эрдсийн давсны хайгуулын ангийн дарга, ерөнхий инженер, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны мэргэжилтэн, Геологи, уул уурхайн үйлдвэрлэл, шинжилгээний институтийн орлогч захирал, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Монгол Улсын засгийн газрын референт, “Талст” компанийн захирал, Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны ерөнхий мэргэжилтэн, Үйлдвэр, худалдааны яамны ахлах мэргэжилтэн, мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн дэд захирал зэрэг албыг хашсан. Мөн Төрийн өмчийн хорооны гишүүн, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголсовцветмет” нэгдлийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Зоос гоёл”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Хайлааст, Багануур, Алтай-Улиастай эрчим хүчний систем хувьцаат компани болон Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хариуцлагатай ажлыг хашиж байв. А.Баасанжав Хөвсгөл аймгийн Хатгалын элс, хайрганы ордын хайгуул, Дундговь аймгийн Мандалговийн элс, хайрга, барилгын чулууны орд, Чойбалсангийн элсний, Аралтын худгийн шохойн чулууны, Улаанбаатарын элс, хайрганы зэрэг барилгын материалын таван орд, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн Бүрдийн давст, Цөнгөрөг, Шүүт, Холбоолж, Байнцагаан, Бэгэр, Буур, Цэцэг, Цоохор нуурын давсны 10 гаруй ордын эрэл, хайгуулын ажлыг удирдан хийж, эрдэс түүхий эдийн найрлагыг судалж, нөөцийн тооцоог хийж Монгол Улсын эрдэс түүхий эдийн нөөцийг арвижуулан нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын шилдэг геологичдын нэг юм. А.Баасанжав 1975-1978 онд Москвагийн геологи хайгуулын дээд сургуулийн аспирантурт суралцаж “Монгол орны хайлуур жоншны ордуудын геологи-эдийн засгийн үнэлгээ” сэдвээр эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж Монгол Улсын геологийн салбарын 22 дахь, геологийн эдийн засгийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан 2 дахь эрдэмтэн, Ургамал сумаас төрсөн анхны 2 эрдэмтний нэг юм/1978 онд Ургамал сумын уугуул Хассүрэнгийн Лхамдорж түүхийн ухаанаар доктор хамгаалсан/. А.Баасанжав мэргэжлийн дагуу судалгаа шинжилгээний олон ажил туурвиж, 50 шахам бүтээл хэвлэлд нийтлүүлэн, 10 хүний эрдэм шинжилгээний диссертацийг удирджээ. А.Баасанжавыг Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байх хугацаанд Монголын Заамар, Бороо, Жанчивлан, Баянхонгор, Шарын голын алт, Эрдэнэ, Цагаансуваргын зэс-молибденийн ордын зарим хэсэг, Тавантолгой, Тэвшийн говийн нүүрс, Дорноговийн Өргөний хайлуур жонш, Төмөртийн овооны Төмөр, Бүрэнхааны фосфорит, Цагаанчулуутын гантиг, Асгатын мөнгө, Улаан уулын гянт болд, Баян-Эрхэтийн битум, цеологит, Улаан, Цавын хартугалга, цайр, Мардайн ураны зэрэг Монгол Улсын хөгжлийг тодорхойлогч олон төрлийн ашигт малтмалын ордууд нээгдэж Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Модотын цагаан тугалга, Мухар эрэг, Өвөрчулуутын алтны орд, Цагаандаваа, Улаан уулын гянт болдын зэрэг ордуудын ашиглалтын үйлдвэр байгуулагджээ. А.Баасанжав 1988 онд батлагдсан “Улсын үйлдвэрийн газрын тухай”, 1991 онд батлагдсан “Татварын тухай”, 1997 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай” хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж дээрх хуулиудыг батлуулахад оролцсон гавьяатан юм. А.Баасанжавын хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, Монгол улсын тэргүүний геологич цол тэмдгээр шагнасан.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 147
ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР ПРОФЕССОР СОДНОМЦОГИЙН АДЪЯА 1947 оны гал гахай жил Ургамал сумын нутаг Ханчит гэдэг газар төрсөн, Ургамал сумын бага сургууль, Завханмандал сумын дунд сургууль, Завхан аймгийн төвийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуульд суралцаж, МУИС-ийн философийн ангийг философийн багш мэргэжлээр төгссөн. С. Адъяа 1980-1983 онд М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн философийн факультетийн социологийн тэнхимд аспирантур төгсч "Оюутанд ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзэл төлөвшүүлэх нь"сэдвээр философийн ухааны дэд эрдэмтэний зэрэг, 1998 онд ОХУ-ын ШУА-ийн социологийн хүрээлэнд “Монгол Улсын дээд боловсролын стандарт” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. С.Адъяа доктор МУИС, УБДС, Намын дээд сургууль, Анагаах хуааны дээд сургууль, Политехникийн дээд сургууль, Цэргийн их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль, ХААДС, Гадаад хэлний дээд сургуульд философийн багшаар ажилласан. С.Адъяа доктор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Боловсролын хороонд ахлах мэргэжилтэн, ШУА-д ЭША, секторын эрхлэгч, Философи-социологийн хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Засаг захиргааны яаманд Боловсрол шинжлэх ухаан хариуцсан мэргэжилтэн, Монгол Улсын Засгийн газрын Төрийн захиргааны удирдлага зохицуулалтын газарт ахлах түшмэлээр ажилласан. С.Адъяа доктор Монгол Улсын Засгийн газрын шагнал "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдэг, Ардын хувьсгалын ой медалиуд, "БНМАУ-ын нисэх хүчин-бОжил" дурсгалын медаль, БНМАУ-ын “Ардын боловсрол-60 жил" хүндэт тэмдэг, Монголын залуучууд оюутны хоёрдугаар их наадмын мөнгөн медаль, МХ3Э-ийн 50 жилийн ойн медаль, "Залуу уеийг сурган хүмүүжүүлэгч" тэмдэг, “Багшийн алдар" алтан медалиар шагнагдсан. Шатрын спортын І зэрэгтэй.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 180
МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ДАГВАДОРЖИЙН НАРАН 1964 онд Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улаан багийн уугуул Дагвадорж Дайдаагийн дөрөвдүгээр хүү болон мэндэлсэн. Д.Наран 1980 онд Ургамал сумын найман жилийн сургууль, 1982 онд Завхан аймгийн Барилгын техник мэргэжпийн сургуулийг цахилгаан ба хийн гагнуурчин мэргэжлээр төгссөн. 1985 онд Барилгын цэргийн 022 дугаар ангид жагсаалын дарга, ахлагч цолтой цэргийн алба хааж нутагтаа ирээд 1985-1987 онд Ургамал сумын хүн эмнэлэгт нярав, 1987 оноос Баян-Улаан багт малын эмч, 1991 оноос тус багт малчин болсон. 1988 онд Баян-Улаан бригадын малын эмч Чулуунхүү ахын охин Гандолгортой гэр бүл болж, дөрвөн хүү, нэг охин төрүүлж өсгөсөн. Д.Нарангийнх малчин болоод дөрвөн жилийн дараа “Мянгат малчин” болсноос хойш өнөөг хүртэл 30 жил дараалан 1000-аас дээш толгой мал тоолуулж байгаа бөгөөд түүний дотор тэмээн сүргийн тоог 100 хол давуулжээ. Д.Нарангийн малжуулсан өрхүүдээс Л.Түмэн-Өлзий, С.Баатар нарын айлууд мөн мянгат малчин болсон. Д.Наран 2000 онд аймгийн аварга малчин, 2003 онд “Оны шилдэг залуу” цом, Хөдөлмөрийн хүндэт медаль, 2005 онд Монгол Улсын аварга малчин, 2006 онд МУЗН-ийн “Нигүүлсэнгүй үйлст манлай малчин” цол хэргэм хүртэж, 2013 онд Завхан аймгийн 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 312
УИХ-ИЙН ГИШҮҮН ЖҮГДЭРИЙН ДЭЛГЭРЦЭЦЭГ 1946 онд Завхан аймгийн Ургамал сумын Нуур Зөөхий багийн нутагт төрсөн. Киев хотын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг инженер механик мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотын Хивсний үйлдвэрээс гараагаа эхэлж 1978 онд Нэхмэлийн үйлдвэрийн дарга, 1980-1992 онд Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн дарга, 1996-1999 онд Улаанбаатар хивс, Эрдэнэт хивс ХХК-уудын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласан. 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан Ургамал сумаас төрөн гарсан шилдэг мэргэжилтэн, сайн менежер удирдагч Монгол төрийн түшээ, улс төрийн зүтгэлтэн билээ

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 240
АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТ ГАЛИНГИЙН ГОМБОЖАВ 1924 онд Ургамал сумын Тосгуур багийн нутаг Сайхан гэдэг газар төрсөн. Г.Гомбажав дарга Аймгийн Намын Хорооны шийдвэрээр 1952 оноос Ургамал сумын дарга, Эрдэнэхайрхан сум-нэгдлийн дарга, Завхан аймгийн намын хороонд зохион байгуулагч, Дөрвөлжин сумын Намын хорооны даргаар үр бүтээлтэй ажиллаж, далаад онд нутгаасаа Ардын их хурлын депутат буюу одоогийнхоор УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Галингийн Гомбожав дарга 1952 онд нутгийн бүсгүй Дорлигжавын Цэрэндаштай /зураг дээр/ гэр бүл болж 11 хүүхэд төрүүлж өсгөсний дотор үр хүүхдүүдээс нь Эрүүл мэндийн тэргүүний ажилтан - 2, Боловсролын тэргүүний ажилтан - 4, Улсын тэргүүний нягтлан бодогч -1, Эдийн засгийн ухааны доктор - 1, СУИС-ийн профессор -1 төрөн гарсан. Г.Гомбажав даргын гэргий Д.Цэрэндаш нь 1929 онд төрж, 11 нас хүртлээ эцэг эхийн гар дээр өсөж улмаар 1941 онд Ургамал сумын Хутаг уулын бага сургуульд орж суралцсан. Д.Цэрэндаш 1940-1948 онд сумын бага, аймгийн дунд сургууль төгсөж, багш мэргэжил эзэмшсэн, Ургамал сумын анхны сурагч төдийгүй анхны багш нарын нэг байсан. Д.Цэрэндаш 1948 онд Аймгийн Гэгээрлийн хэлтсийн даргын тушаалаар Ургамал суманд багшаар томилогдон, 1948-1957 онуудад тус суманд ажиллаж байхдаа 1952 онд Галингийн Гомбажавтай гэр бүл болж, 11 хүүхэд төрүүлж өсгөсөн "Алдарт эх”-ийн 1,2-р одонт ээж юм. Д.Цэрэндаш улсад нийт 32 жил ажилласнаас 12 жилд нь боловсролын байгууллагад багш мэргэжлээр ажилласан. Хань Г.Гомбожав нь нам засгийн томилолтоор энд тэнд ажиллах хугацаанд Д.Цэрэндаш нь 1957-1959 онд Эрдэнэхайрхан сумын Худалдаа бэлтгэл ангийн тоо бүртгэгч, 1959 -1966 онд Аймгийн Харилцаа холбоонд шуудан ялгагч, тасгийн эрхпэгч. 1967-1981 онд Дөрвөлжин сумын Худалдаа бэлтгэлийн ангийн эдийн засагч, Банкны салбарын касс, эрхлэгч зэрэг ажил эрхэлж байсан. Д.Цэрэндашийн хөдөлмөр зүтгэлийг Төр засаг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын 50, 60, 80 жилийн ойн медаль, Багшийн алдар медаль, Монголын Ахмадын холбооны хүндэт тэмдэг, Завхан аймгийн 90 жилийн ойн медалиар шагнасан.

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-27 227
ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР ХАССҮРЭНГИЙН ЛХАМДОРЖ 1928 оны шарагчин могой жил Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улааны тавдугаар багийн нутаг Хүнгүйн голын хөвөө Бор хошуун дээр Лувсан овогт Хассүрэнгийн анхдугаар хүү болон төрсөн. Х.Лхамсүрэн 1940 онд байгуулагдсан Ургамал сумын бага сургуулийн анхны сурагч, 1978 онд докторын зэрэг хамгаалсан Ургамал сумын анхны доктор. Х.Лхамдорж 1940-1944 онд Ургамал сумын бага сургууль, 1951 онд Намын шинэ хүчний дээд сургууль, 1968 онд Москвагийн улсын их сургуулийг төгссөн. Сэтгүүлч, орчуулагч, түүхч мэргэжилтэй. Х.Лхамдорж 1978 онд Москвагийн улсын их сургуульд “Феодализм ба империализмыг эсэргүүцсэн хувьсгалын үеийн Үнэн сонин” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Х.Лхамдорж 1945-1948 онд Ургамал сумын бага сургуульд багш, Завхан аймгийн Эвлэлийн ийн хороонд лектор, 1951-1956 онд МАХН-ын Төв хорооны үзэл суртлын хэлтсийн лектор, Хэвлэлийн тасгийн эрхлэгч, 1956-1963 онд Намын түүхийн институтын орчуулагчийн тасагт орчуулагч, 1968-1970 онд"Үнэн" сонины утга зохиолын ажилтан, 1971-1981 онд“Энх тайван социализмын асуудал" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1981-1990 онд Нийгмийн ухааны институтын орчуулгын тасгийн эрхлэгчээр ажилласан. Х.Лхамдорж 1956-1963 онд В.И.Лениний бүрэн зохиолын эмхэтгэлийн 30 гаруй ботийн орчуулганд оролцсон бөгөөд 1984-1987 онд Москвад "Прогресс" хэвлэлийн газарт Лениний 12 боть түүвэр зохиолын орчуулгыг засаж, шинээр хэвлүүлсэн группын ахлагчаар ажилласан. Х.Лхамдорж К.Маркс, Ф.Энгельсийн түүвэр зохиолын 2 ботийг орчуулж, “Капитал” зохиолын 1- ботийн орчуулгыг хянан тохиолдуулсан. Х.Лхамдорж 1999-2001 онд А.Радугины "Соёл судлал", Струан Рейд, Патриция Фара нарын "Нээлтийн товчоон” номуудыг орчуулсан. Х.Лхамдорж 2002 онд А.Н.Маркова нарын “Дэлхийн соёлын түүх" номын орчуулгыг редакторласан. Х.Лхамдорж уран зохиолын олон ном орос хэлнээс хөрвүүлсэний дотор Т.Драйзерын "Женни Герхардт”, Вера Пановагийн “Цагааннөмрөгт баатрууд", Г.Березкагийн “Багшийн ордон", "Хожа Насредины хошин шог яриа" гэдэг номнууд болон А.И.Буниний “Сан-Францискийн эрхэм”, "Иерихоны сарнай", "Эмгэн", "Хүйтэн намар", “Хайрлах ёсон”, И.С.Тургеневийн "Богширго", "Маша", “Намайг талийгч болсон цагт” зэрэг өгүүллэгүүдийг орчуулсан. Х.Лхамдорж 1950-иад оноос эхлэн жар гаран жил төвийн сонин сэтгүүлд янз бүрийн сэдвээр 200 орчим өгүүлэл, тэмдэглэл, эргэцүүлэл, шүүмж, судалгааны материал, ном нийтлүүлсний дотор, "Нэр томъёоны сахилга”, “Хэл минь хөөрхий боллоо", “Хайран хэл минь яйран болох нь”, "Хэл соёлоо хэлмэгдүүлсээр байх уу" нийтлэлүүд багтаж байна. Х.Лхамдорж мөн сэтгүүл зүйн асуудлаар "1930-аад оны Монголын нийтлэл зүйн хөгжил", “Сэтгүүл зүйн зарим асуудал", "Сонины хэл найруулгын талаар хийсэн зарим ажиглалт" гэсэн өгүүллүүд, "Хүнгий голын чимээ" хэмээх ном бичиж, гадаад, дотоодод болсон эрдэм шинжилгээний бага хурлуудад оролцож олон арван илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Х.Лхамдоржийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн Алтан гадас одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, МАХН-ын Ахмад зүтгэлтэн тэмдгээр шагнасан. Х.Лхамдорж 1966 онд Монголын орчуулагчдын эвлэлийн шагнал хүртсэн.

Хульж багийн ИНХурал болж багийн Засаг даргын сонгууль болов

2023-11-24 310
Саналын хуудаст нэр дэвшигч нарын нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар бичив Багийн ирцийн бүртгэлд ирсэн дарааллаар иргэдийн нэрсийг дуудаж санал авав Эхний санал хураалтанд 36 иргэн оролцсоноос М.Бямбасүрэн-14 С.Даваасүрэн-11 Б.Мэндбаяр-11 санал авч тэнцсэн Даваасүрэн, Мэндбаяр нарыг дахин санал хураалтанд оруулав 2 дох Санал хураалтын дүн гарахад Даваасүрэн-15 Мэндбаяр-14 хүний санал авч 7 саналын хуудас хүчингүй гарч ирэв 3 дахь санал хураалтанд М.Бямбасүрэн, С.Даваасүрэн нар оролцож М.Бямбасүрэн-19 С.Даваасүрэн-17 хүний санал авч Хуралд оролцсон иргэдийн 52.7 %-ийн саналаар М.Бямбасүрэн Хульж багийн Засаг даргаар сонгогдов

шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн болно

2023-11-24 258
Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах шатрын тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт ИРГЭНИЙ ТАНХИМД 👉ХАМРАХ ХҮРЭЭ: Шатрын спортоор улсын цол зэрэггүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид оролцоно. 👉ШАГНАЛ: ✅ЭРЭГТЭЙ ТӨРӨЛ: 1️⃣Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /УИХ-ын даргын гарын үсэгтэй талархал бүхий хагас шигшээ тэмцээнд оролцох эрхийн бичиг/ 2️⃣ Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /УИХ-ын даргын гарын үсэгтэй талархал бүхий хагас шигшээ тэмцээнд оролцох эрхийн бичиг/ 3️⃣ Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал ✅ЭМЭГТЭЙ ТӨРӨЛ: 1️⃣ Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /УИХ-ын даргын гарын үсэгтэй талархал бүхий хагас шигшээ тэмцээнд оролцох эрхийн бичиг/ 2️⃣ Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал 3️⃣Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ өдөр

2023-11-17 205
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ өдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна. ✅Эрт үеэс уламжлагдан ирсэн Дэмбээ,Хасаа харваа, Зүйр цэцэн үг хэн сайн мэдэх вэ? тоглоомыг сурталчлах, таниулан дэлгэрүүлэх зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 15-нд тус Тэмцээнүүдийг зохион байгууллаа. ✅Дэмбээ мэдэх үү хө тэмцээнд 6 иргэн оролцож 1-р байр Д.Мөнхөө 2-р байр С.Батсайхан 3-р байр Л.Энхамгалан ✅Хасын харваа тэмцээнд 1-р байр Б.Сугаррагчаа 2-р байр П.Тэнгис 3-р байр Н.Пүрэвдорж ✅Зүйр цэцэн үг хэн сайн мэдэх вэ? 1-р байр Ц.Энхтүвшин ахлагчтай баг 2-р байр Ц.Халиунаа ахлагчтай баг 3-р байр А.Энхзаяа ахлагчтай баг 3-р байр Ц.Ариунбуян ахлагчтай баг ✅2023 оны 11 дүгээр сарын 16-нд Иргэдийг оролцуулсан АЖЛЫН нэг өдөр албан хаагчид иргэдтэй хамтран ажиллаж байна.

цаг агаарын мэдээ

2023-11-13 256
2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: 13-14-ний шөнө, 14-нд ихэнх нутгаар, 14-15-ны шөнө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, түр зуур зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна. 17-ноос дулаарна.
khural.mn

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-06 217
УРГАМАЛ СУМААС ТӨРСӨН УЛСЫН ГАВЬЯАТУУД: 1. Гавьяат багш Доржжавын Чулуун 2. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Доржпаламын Сумъяа 3. Гавьяат жүжигчин Борхүүгийн Батболд 4. Хүний гавьяат эмч Урианхайн Оргил 5. Гавьяат багш Дондовын Дэлгэрмаа 6. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Даваагийн Зоригтбаатар 7. Гавьяат багш Хуушааны Баавгай 8. Гавьяат багш Жамбын Цэвээнжав 9. Гавьяат багш Дорлигжавын Батжаргал 10. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Буньжавын Оргил 11. Гавьяат эмч Домбожавын Сүхээ 12. Гавьяат багш Минжүүрийн Дүгэрсүрэн 13. Соёлын гавьяат зүтгэлтэн Жамъяндоржийн Бямбаа 14 .Гавьяат багш Пунцагийн Рэнжин 15. Гавьяат эдийн засагч Ядамсүрэнгийн Баттогтох

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-06 254
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ДОРЖЖАВ ОВОГТОЙ ЧУЛУУН 1952 онд Завхан аймгийн Ургамал суманд Баян-Улаан багийн нутагт төрсөн. Д.Чулуун багш 1972 онд Цэцэрлэгийн багшийн сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлээр төгсөж ирээд 1972-1975 онд Завхан аймгийн Баянтэс сумын цэцэрлэгийн эрхлэгч, 1975-1983 онд Цэцэн-Уул сумын цэцэрлэгийн эрхлэгч, 1983-1996 онд Улиастай хотын 4-р цэцэрлэгт ээлжийн бүлгийн багш, 1996-1999 онд Улиастай хотын 3-р цэцэрлэгт багш, 1999-2001 онд 9-р цэцэрлэгт эрхлэгч, 2001-2014 онд 4-р цэцэрлэгт эрхлэгч зэргээр боловсролын байгууллагад багш эрхлэгчээр тасралтгүй дөч гаран жил үр бүтээлтэй ажиллаж, 2023 оны Улсын баяраар Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм дээд цол хэргэм хүртсэн. Д.Чулуун багш аймаг сумын хөдөлмөрийн аваргаар удаа дараа шалгарч, 1997 онд БСШУЯамны “Хүндэт жуух”, 2000 онд Заах аргач тэмдэг, 2003 Багшийн алдар, 2001 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2003 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2007 онд Аймгийн “Боловсролын салбарын оны тэргүүн”, 1981,1991,2001 онд Ардын хувьсгалын 60.70.80 жилийн ойн медалиуд, 2004 онд Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”, 2006 онд Чингис хааны 800 жилийн хүндэт тэмдэг, 2007 онд Завхан аймгийн хүндэт тэмдэг, 2009 онд Алтан гадас одон, 2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. Д.Чулуун багш бага насны хүүхдийн хөгжлийг хангах, тэднийг хөгжүүлж хүмүүжүүлэх, авьяасыг нээн илрүүлэх, эцэг эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлэх, хүүхэд хөгжүүлэх аятай таатай орчин бүрдүүлэх талаар байнга санаачлага үр бүтээлтэй ажиллаж, хүүхдийн хөгжлийн төвшинг 88 хувьд хүргэснээр, хариуцсан цэцэрлэг нь аймагтаа тогтмол 1-5 байрыг эзлэж байсан. Тухайлбал, Д.Чулуун багшийн удирдсан Улиастай хотын 4-р цэцэрлэг 2005 онд аймгийн “ТОП ЦЭЦЭРЛЭГ”, 2008 онд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ” ээр тус тус шалгарсан. Д.Чулуун багш 2005 оноос үндэсний сургагч багшаар ажиллаж, аймаг болон бүсийн 320 гаруй сургуулийн өмнөх боловсролын багш нарт сургалт зохион байгуулсан. Д.Чулуун багш 2014 -2015 оны хичээлийн жилд аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын “ЗӨВЛӨХ БАГШ” аар ажиллахдаа сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулсан. Гавьяат багш Д.Чулуун гэр бүл дөрвөн хүүтэй, Орос, Титов гээд аав ээжээсээ олон дүүтэй айлын том охин. Д.Чулуун гавьяат багшийн аав Алаг адуут овгийн Цэрэнгийн Доржжав Дойдоо нь манай Ургамал сумын Баян-Улаан багт насаараа мал малласан гүндүүгүй сайхан монгол эр байсан бөгөөд тэрээр дүү Норов, Чүлтэм, Тэгшээ, Туяа гээд эцэг эхээс тавуулаа.

сэрэмжлүүлэг

2023-11-06 281

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-06 256
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ДОКТОР ПРОФЕССОР ДОРЖПАЛАМЫН СУМЪЯА Завхан аймгийн Ургамал сумын Баян-Улаан багийн нутагт 1957 онд төрсөн. Ургамалын бага (1965-1969), Завханмандалын дунд (1969-1973) сургууль, Аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль (1973-1975), МУИС-ийн монгол хэл уран зохиолын (1979-1984) ангид суралцаж төгссөн. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Төвд судлалын салбарын эрхлэгчээр тасралтгүй дөчөөд жил ажиллаж, 1999 онд докторын зэрэг хамгаалж, 2002 онд профессор болсон. Утга зохиол судлаач, яруу найрагч. Д.Сумъяа Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын салбарт төвд хэлт утга зохиолын судлалаар мэргэшин эрдэм шинжилгээний ажил хийж, шүлэг зохиол бичиж, гадаад дотоодын их дээд сургуульд багшилж, мэргэжлийн ангид хичээл зааж, лекц уншиж, нийт 86 ном бүтээл хамтран туурвиж олны хүртээл болгосон. Судалгаа шинжилгээний ном 64, шүлэг яруу найргийн 22 ном хэвлүүлж, эрдэм шинжилгээний 120 гаруй өгүүлэл хэвлүүлж, 70 гаруй илтгэл хэлэлцүүлжээ. Д.Сумъяа буддын зохиолын судалгааг Дара эхийн зохиолуудын жишээн дээр судлан шинжилж “Дара эхийн номын аймаг” (3 боть. 2021 он) нь “Ганжуур”, “Данжуур” болон Энэтхэг, Төвд, Монголчуудын дунд уламжилсан Дара эхийн бараг бүхий л судар ном сурвалжийг хамруулсан иж бүрэн цогц судалгааг хийсэн. Дара эхийн судлалаар “Дара эхийн магтаалын нээх утга”(2002), “Монгол Ногоон Дара эхийн тууж”(2011) ганц сэдэвт судалгааны номууд, “Ногоон Дара эхийн тууж” (2013), “Цагаан Дара эхийн тууж” (2013), “Дара эхийг домог ба үлгэр” (2013) номуудыг Ерөнхий боловсролын сургуулийн бага болон дунд ангийн сурагчдын унших номоор хялбаршуулан найруулан хэвлэжээ. Д.Сумъяа “Ногоон Дара эх оршивой” (2016), “Цагаан Дара эх оршвой” (2016), “Хорин нэгэн Дара эх оршвой(2016)” гэх номуудыг нийтэд зориулан төвд монгол хэлээр хялбаршуулан найруулж нийт хүмүүсийн гарын авлага уншлага хэрэглээнд зориулж гаргасан. Д.Сумъяа өөрийн бие даасан шүлэг яруу найргийн 9 түүвэр гаргасан бөгөөд гадаад дотоодын төвийн хэвлэл сонин, сэтгүүлд 150 гаруй шүлэг зохиол нь хэвлэгджээ. “Марал”(1991) анхны шүлгийн түүвэр нь монгол ахуйгаас үүдэлтэй, өвөрмөц дүрслэл, бүсгүй хүний зөөлөн уянгын дуу хоолойтой яруу найрагч монголын утга зохиолд орж ирснийг зарласан байдаг. “Уул усны зүүд”(1995) шүлгийн түүвэр нь бүхэлдээ эмэгтэй хүний, эх хүний, бүсгүй хүний ертөнцийн дотоод мөн чанарыг нээсэн бүсгүй хүний дотоод ертөнцийг дуулсан шүлгээр бүтсэнээрээ тухай үедээ өвөрмөц шинэ ном байсан. “Сартуулын алаг толгод”(1995), “Гэрлийн орон”(2005) шүлгийн түүврүүд нь яруу найрагчийн эрэл олз, өсөлт хөгжилтийг тод харуулсан шүлгүүдээс бүтсэн. Эдгээр түүвэрт “Нутаг амьтай аав”, “Нүүдэл” зэрэг олон шүлэг оржээ. “Агинастын шувуу”(2012) шүлгийн сонгомол түүвэрт, яруу найрагчийн сүүл үед бичсэн “Монгол гэдгээ бүү март”, “Эрчүүлээ хайрлая” зэрэг агуулга багтаамж том, санааны жинтэй шүлгүүд багтсан байна. Д.Сумъяа ОХУ, БНХАУ зэрэг гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд урилгын профессоор удаа дараа уригдан багшилжээ. ОХУ-ын Боловсролын яамны урилгаар Забайкальский Государственный Гуманитарно-педагогический университет им.Н.ГЧернышевского (ЗабГГПУ) сургуульд 2008-201О онд урилгын профессороор, мөн БНХАУ-ын Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуульд 2005, 2007, 2011, 2014, 2016 онуудад урилгын профессороор ажилласан ба 2018 онд World Famous Scholars Lecturing at MUC /Minzu University of China/-д Дэлхийн нэр хүндтэй ахмад эрдэмтний зэрэглэлээр уригдаж лекц уншжээ. Д.Сумъяа “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр (2006), “Эрдэмтэн-зохиолч” цолоор (2011), БСШУЯамны “Шилдэг ном” (2012), ШУА-ийн “Бүтээлийн шагнал” Алтан медаль (2013), “Алтан гадас” одон (2013), “Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч” (2016), “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одон (2019), “Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн” (2021) цолоор шагнагдсан.

аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч суманд ажиллав

2023-11-03 185
2023 оны 11 дүгээр сарын 03нд Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч С.Мядагмаа Ургамал сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-9 дүгээр ангийн сурагчдад сайн дурын үзлэг, оношилгоо хийлээ.
khural.mn

Ургамал сум байгуулагдсаны 100 жилд

2023-11-02 275
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ, КЛИНИКИЙН ПРОФЕССОР, МОНГОЛ УЛСЫН МЭС ЗАСЛЫН ЗӨВЛӨХ ЭМЧ, ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН ЭМЧ АЛАГ АДУУНЫ БУНЬ ОВОГТ УРИАНХАЙН ОРГИЛ 1961 онд Завхан аймгийн Ургамал сумын тосгуур багийн нутаг Харцагатын худагт Чанравын Чулууны 6-р хүү болон төрсөн. 10 сар хүртлээ төрсөн эцэг эхийн гар дээр бойжиж байгаад Буньжавын Урианхайнд үрчлэгдэн өсөж торнисон. Бага насаа эцэг эх, өвөг эцэг Буньжав нарын гар дээр өсөж амьдралын эх захыг мэдэрч өссөн. 1969 онд Ургамал сумын бага сургуульд элсэн суралцаж улмаар Ургамал сумын бүрэн бус дунд сургуулийг 1977 онд төгсөж, Завхан аймгийн ЭОН 10 дунд сургуулийг 1979 онд төгсөж, тухайн үеийн нэршилээр АУДэС –д элсэн суралцаж хүний их мэргэжлээр онц дүнтэй төгсөж, Завхан аймгийн Завханмандал сумын сум дундын эмнэлэгт салбарын эрхлэгч, мэс заслын эмчээр томилогдон ажилласан. 1988 оноос Ургамал сумын хүний их эмчийн салбарт томилогдон их эмчээр 4 жил ажиллаж байгаад Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт мэс засалч, нойрсуулагч эмчээр ажилласан. 1994 оноос УБ хотын нэгдсэн 3-р эмнэлгийн мэс заслын тасагт мэс заслын эмчээр 13 жил ажиллаж байгаад 2007 онд Эрүүл мэндийн яамны илгээлтээр Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн зөвлөх мэс засалч эмчээр 2022 хүртэл эрүүл мэндийн салбарт тасралтгүй дөчөөд жил ажилласан. У.Оргил эмч 1986 онд АУДэС-д мэс заслын дамжаа, 1990 онд АУДэС- д сэхээн амьдруулах- нойрсуулагч эмчийн дамжаа, 1996 онд АУИС –д магистрийн сургалт, 1997 онд АУИС –ийн мэс заслын тэнхимд цээжний хөндийн нарийн мэргэжлийн дамжаа, 2000 онд ОХУ-ын Кеморов мужийн АУИС-ийн эмнэлэгт дурангийн мэс заслын эмчийн сургалтанд суралцаж анагаах ухааны магистрийн зэрэг хамгаалсан. У.Оргил эмч хөдөөгийн хүн арддаа эмнэлгийн яаралтай тусламжийг цаг хугацаа алдалгүй үзүүлж олон хүний амь насыг аварсан яах аргагүй хүний гавьяат эмч. Шастины клиникийн төв эмнэлэгт ажиллахдаа анагаах ухааны доктор зөвлөх эмч Сүхбаатар нарын хамт гахайн дэлүүнээс бэлдмэл бэлтгэж цусны үжилтэй болон архаг идээт өвчтэй хүмүүст хэрэглэж өндөр үр дүнтэй болохыг тогтоож шинэ бүтээл оновчтой саналын гэрчилгээ авч байсан. 2001 онд ОХУ Кеморов мужын клиникийн 3-р эмнэлэгт дурангийн мэс заслын чиглэлээр суралцах хугацаандаа нойр булчирхай хурц идээт өвчиний үеийн мэс заслын эмчилгээний сонголтоос суралцсанаар өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлж ажилласанаар энэ өвчний үеийн нас баралтыг 50 % хүртэл бууруулах боломжийг нэвтрүүлж ажилласан.2000 онд улаан хоолойн гэмтэлийн үеийн мэс заслын эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлж, энэ өвчний хүндрэл болон нас баралтын хувийг бууруулж чадсан. 2007 оны 6 сараас эхлэн Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллахдаа хөдөөгийн эмнэлэгт орчин үеийн шинэ дэвшилттэй технологийг нэвтрүүлж оношилгоо эмчилгээнд нэвтрүүлэн ажилласан. Хөдөө орон нутагт эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах зорилгоор өөрийн туршлага мэдлэг, чадвараа ашиглан хамтаран ажиладаг эмч нарынхаа хамт элэгний хавдар задарч цус алдаж хүндэрсэн өвчтөнд элэг тайрах хагалгааг сум дундын эмнэлэгт хийж хүний амь аварч байсан. Мөн орчин үеийн шилдэг технологn болох ясны хугаралыг хадах болсоноор хугаралын дараах хөдөлмөрийн чадвар алдалтыг 80-90% -иар бууруулж чадсан. Төрөлхийн цагаан мөгөөрсөн хоолойн цорго битүүлэх хагалгааг хийж сайн үр дүнд хүрсэн. Нойр булчирхайн хурц идээт өвчний үеийн мэс заслын эмчилгээ, Ходоодны хавдарын үеийн ходоод тайрах хагалгаа, Уушигны мэс заслын хагалгаа, цагаан мөгөөрсөн хоолойн цорго битүүлэх хагалгаа, Гавал тархины хатуу хальсны дээр болон хурсан цусыг гавал ясыг цоолж авах хагалгаа, Хугарсан мөчдийн ясыг хадах зэрэг 3-р шатлалын эмнэлэгт хийгддэг мэс ажилбаруудыг хөдөө орон нутгийн эмнэлэгт удирдан хийж залуу эмч нарыг сурган ажиллаж байсан. У.Оргил эмчийн эрдэм шинжилгээний бүтээл: • Уушигны идээт эвдрэлт өвчиний мэс заслын эмчилгээг төгөлдөржүүлэх нь • Улаан хоолойн гэмтэлийн үеийн мэс заслын эмчилгээний арга техник • Нойр булчирхайн үхжилт үрэвсэлт өвчиний үеийн мэс заслын эмчилгээний арга • Уушигны идээт эвдрэлт өвчиний үеийн цагаан мөгөөрсөн хоолойг цэвэрлэх эмчилгээний үр дүн • Эмч эмнэлгийн ажилтаны харилцааны соёл Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын хүрэлцээ ба багаж тоног төхөөрөмжийн хангалт • Хөдөө орон нутагт элэг тайрах мэс заслын үр дүн • Уушигны зарим идээт өвчинийг мэс заслын аргаар эмчлэх нь • Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн түүх зэрэг өгүүлэл нийтлэл ном товхимол бичиж олны хүртээл болгосон. У.Оргил эмчийн хөдөлмөрч бүтээлч хүн чанарыг эзэмшихэд төрсөн эцэг Ч.Чулуун, эх Ж.Юмчиндорж, өсгөж хүмүүжүүлсэн аав Б.Урианхай, ээж Ө.Буянжаргал, өвөө аав Г.Буньжав нарын хүнлэг зан, хөдөлмөрч ажилласаг, шинийг эрэлхийлэгч чанар тус нэмэр болсон. Төрсөн эцэг Ч.Чулуун нь 1927 онд төрж улмаар цэргийн албаа Сулинхээрийн заставт хааж ирээд пратизан Жамбалын охин Юмчиндоржтой гэр бүл болж 9 хүүхэд төрүүлсэн. 1957- 1959 онуудад Ургамал сумын 2-р багийн даргаар ажиллаж байгаад 1959 онд нэгдэлжих хөдөлгөн ялж бригадын зохион байгуулалтанд ороход Тосгуур бригадад тоо бүртгэгч, бригадын дарга, бригадын ухуулагч, Хульж бригадын намын үүрийн дарга, аж ахуйн эрхлэгч, агент зэрэг ажлуудыг хариуцлагатай хийж байсан. Төрсөн эх Юмчиндоржийн төрсөн аав Д.Жамбал нь баруун хязгаарыг чөлөөлөх дайнд нутгийнхаа эр цэргүүдийн хамт оролцож явсан ардын хувьсгалын пратизан хүн байсан.Төрсөн ээж Ж.Юмчиндорж нь бага залуудаа Ховд аймагт тухайн үеийн санитарын одоогоор сувилахуйн анхан шатны сургуульд суралцаж санитарч мэргэжил эзэмшин сумандаа ажиллаж байгаад нөхөр Ч.Чулуунтай амьдрал холбон гэр бүл болсон. Юмчиндорж нь төрөлхийн сэргэлэн цовоо хүн тул тухайн үед хүн арддаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж гэмтсэн мөчийг боох, төрөх эхийг төрөхөд туслаж үр хүүхдийг нь эсэн мэнд эх барьж авч олон түмэнд их тус хүргэж явсан түүхтэй. Өргөж авсан аав Б.Урианхайн аав Г.Буньжав нь У.Оргил өсөж торних, хүний чанар сайн хүмүүжил олоход их үүрэг гүйцэтгэсэн хүн бөгөөд тэрээр 1901 онд төрж, ардын хувьсгалтай золгож, тухайн үеийн тамгын газрын сургуульд бичиг үсэг сурсанаар тухайн үед арван, хорин, багийн даргаар ажиллаж, улмаар Ургамал сумын дарга, Завханмандал буюу Ембүүмандал сумын даргын алба хүртэл хашиж төр засагтаа их хувь нэмрээ оруулж явсан хүн билээ. Өргөж авсан аав Б.Урианхай нь Ургамал суманд анх сургууль байгуулагдахад анхны сурагчдын тоонд оролцон суралцаж байсан бөгөөд амьдралын шаардлагаар аав Буньжавтаа туслан мал маллаж, дүү нараа өсгөлцөх үүрэг хүлээн нас биенд хүрч Ө.Буянжаргалтай амьдралаа холбон улмаар хүү Оргилийг үрчлэн авч өсгөн хүмүүжүүлж хүний зэрэгт хүргэн хүний их эмч мэргэжил эзэмшүүлсэн их ач буянтай хүн билээ. Б.Урианхай Ургамал сумын Тосгуур багт нэгдлийн мал маллаж ажилласанаар сум, аймгийн аварга малчинаар тодорч тухайн үедээ сум орон нутагтаа нэр хүндтэй хүн байсан. Ээж Ө.Буянжаргал нь хүү Оргилийг хүний зэрэгт хүрэхэд нь эрүүл саруул, оюун ухаан өндөртэй болгон өсгөсөн ачтан билээ. Ө.Буянжаргал нэгдлийн гишүүнд элсэж нөхөр Урианхайн хамт нэгдлийн мал маллаж сумын аварга төлчин, аварга саальчинаар удаа дараа тодорч байсан хөдөлмөрч хүн байсан. Эдгээр хүмүүсийн удам судар, хүмүүжүүлсэн хүмүүжлийн ач гавьяагаар У.Оргил багаасаа зөв зан ариншинтай оюуны зөв өндөр чадавхтай болж сурлага хүмүүжил сайтай өсч бойжиж улмаар амьдралын зөв хэвшил эзэмшсэнээр ард түмэн. төр засагтаа хөдөмөр зүтгэлээ үнэлүүлж, Эрүүл мэндийн яамны жуух, Эрүүлийг хамгаалахын “тэргүүний ажилтан” цол, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, салбарын ойн медаль, аймаг сумын ойн медаль, Завхан аймгийн хүндэт иргэн, Монгол Улсын Хүний Гавьяат эмч зэрэг эрхэм хүндтэй шагналуудаар шагнуулсан. У.Оргил нь гавьяа шагнал авсан ч цаашид оюуны болон хөдөлмөрлөх хүслээ орхиогүй ажилласаар байна. Өндөр насны тэтгэвэртээ гарсанч төрсөн нутаг Ургамал сумандаа гэр бүлийнхээ хамт мод бут сөөг тарьж ургуулах их үйлст сэтгэл зүтгэлээ өгөн ажиллаж байна. У.Оргил нь залуу хойч үеээ сургамжлан зааж сурган ажил үйлсийг нь чиглүүлж байдаг. Охин О.Орхонтуул нь ээж, аавынхаа мэргэжилийг өвлөн авч хүний их эмч мэргэжил эзэмшин Зэвсэгт хүчний төв эмнэлэгт сэхээн амьдруулах яаралтай тусламжийн эмчийн ажил гүйцэтгэж ард олныхоо эрүүл мэнд, амь насны төлөө сэтгэл зүтгэлээрээ ажиллаж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%